fbpx

#Нэг Өдөр

ГАЛ СӨНӨӨГЧИЙН НЭГ ӨДӨР | Бид хүн аварлаа!

Цацрал Цацрал
2019-03-18 1866 0

Бид чимээгүй баатрууд болох гал сөнөөгчийн нэг өдрийг харуулахаар Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах Х ангийг зорилоо. Өглөө 8 цагт ээлж солигдох үеэр очиход ажилчид бүгд ёслолын хувцастай байв. Учир нь энэ өдөр салаан  дарга тэтгэвэртээ гарж үүрэгт ажлаа  хүлээлцэн өгч байсан юм.

Бид ангийн үйл ажиллагаатай танилцаад удаагүй байтал “Орон сууцны байранд гал гарлаа” гэх дуудлага ирж бид хамт явцгаалаа. Галын үеэр 80 настай эмээ 00-ын өрөөндөө байсан тул гарах хаалгаа олохгүй угаартсан байдалтай байв. Аврагчид маань шуурхай ажиллаж эмээг түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгч, эд хөрөнгийг хохирол багатай унтраалаа.

Дараах бичлэгээс биднийг хүний алтан амь аварсан талаар, мөн аврагчдад тохиолдож байсан хөгжилтэй бас эрсдэлтэй түүхийг үзээрэй.

 

Тэдний ажилдаа хайртай байх бас нэгэн шалтгаан бол баг хамт олон гэж хэлцгээв. Нэг нэгнээрээ тоглоом хийж хөгжилдөж байхыг нь харахад үнэхээр ч тийм байв. Олон эрчүүд цугласан энэ газар хүндлэл бас нөхөрлөл нэвт шингэжээ.

Тэдний ажил зөвхөн гал унтраагаад зогсохгүй аюул осол тохиолсон үед шүхэрдэнэ, шумбана гээд олон зүйл хийдэг. Доорх зураг бол  усны ундрага гарч айлыг бүхэлд нь мөстүүлсэн юм. Энэ үед мөн л аврагчид маань очиж ажилласан үеийн зураг.

 

Ингээд Чингэлтэй дүүргийн Онцгой Байдлын Газрын аврах гал унтраах Х ангийн дэд ахлагч Э.Ариунболдын ярилцлагаас хүргэе.

-Ажилдаа дөнгөж орж ирээд томоохон галд явах үед ямар мэдрэмж төрж байсан бэ? Тэр үеэ одоогийн Ариунболдтой харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бэ?

Анх ажилд орж ирэхэд онцгой байдлын алба бол нэр төртэй , хүнд алба байдаг юм байна гэж бодож байсан. Галыг аль болох хохирол багатай унтрааж хүний амь нас эд хөрөнгийг авран хамгаалахаар ажилладаг. Энэ албанд зүтгэж яваа өөрөөрөө бахархах үе бишгүй олон тохиолдоно. Жишээлбэл: Баянзүрх дүүрэгт байрлах “Баянзүрх” зах шатахад галыг маш түргэн шуурхай, хохирол багатай унтраасан тул манай салааныхан бүгд шудрага журмаар шагнагдсан. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаална гэдэг бол юутай зүйрлэшгүй сайхан зүйл шүү дээ.

-Тангараг өргөх үеийн торгон мэдрэмжээсээ хуваалцаач ?

Адилхан шинээр орж байгаа эрчүүд албан тушаалаа авна. Тангараг өргөсөн л бол бид сэтгэл зүрхээ зориулж, албаныхаа төлөө зүтгэхээс өөр аргагүй болдог. Шаардлага гарвал амь биеэ үл хайхран авран хамгаална гэсэн тангарагыг өргөнө. Тангараг өргөх үедээ л тэр бүх зүйлийг ухамсарлаж, сэтгэл зүрхэндээ сийлнэ шүү дээ.

-Гал сөнөөгчийн ашиглах гол хэрэгсэл юу вэ?

Биед байх бүс, жижиг сүх, усны гутал, галаас хамгаалах хувцас гээд л дуудлаганд явахдаа л энэ бүх хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг давхар шалгадаг. Гал сөнөөгч хүн бусдын амь биеийг аврахын тулд өөрийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж, тоноглол хэрэслүүдээ бүрэн авч явах ёстой.

-Энэ мэргэжлээр ажиллахын тулд хүн ямар ур чадвар шаарддагддаг вэ?

Хүний амь нас, эд хөрөнгө  яригддаг тул бид чинь цаг мөч хором, минуттай уралдан ажиллана. Бие бялдарын чадвар, сэтгэл зүйн чадвар л хамгийн их шаардагдана. Гал унтраах хошуу бариад л дүрэлзэн асах галруу орно гэдэг чинь хүнээс асар их зориг, сэтгэлийн зүйн хүч шаардана. Хүнтэй харилцах чадвар багаар ажиллах чадвартай байх шаардлагатай. Хүн тэвэрч гүйхэд гар яах вэ? гэдгээс эхлээд л биеийн хүч чадал бас шаардагдана шүү дээ.

-Өөрийнхөө энэ чадваруудыг хэрхэн хөгжүүлсэн бэ?

Би гал сөнөөгчөөр ажиллаад нэг жил гаруй хугацааг үдэж байна. Эхэндээ шантрах үе байсан. Гэвч би чинь тангараг өргөсөн хүн, хүний амь насыг авран хамгаалах үүрэгтэй хүн гэж бодохоор л хүч чадал ороод явчихна. Манай ажлын хамт олон, ах нар, багш нар маань маш их тус дэм болдог. Анхны галд явах үеэс эхлээд л хамаагүй сандарч болохгүй, тайван бай гээд л цаг тухайд нь зааж зөвлөсөөр ирсэн. Бид чинь хэцүү үед бие биендээ урам зориг өгч, тусалж дэмжинэ. Нэг нэгэндээ тусалж, дэмжиж, найзалж нөхөрлөн ах дүүс шиг, аав хүү шиг л болно шүү дээ.  Манай алба бол мундаг алба.

  • Ер нь ажил үүргээ гүйцэтгэж явах үед шантрах үе гарч байв уу? Ямар тохиолдолд хамгийн их сэтгэл санаагаар унаж байсан бэ?

Галын дуудлага ирэх үед л түгшүүрийн хонх жингэнэж байдаг. Хонх дуугарахад л бид хувцасаа сольж өмсөөд машиндаа суугаад хөдөлж байдаг л даа. Хаягаа тодруулж нарийн мэдээллийг авах үед бид аль хэдийн машиндаа суучихсан тодорхой чиглэлийн дагуу явж байдаг. Хүний амь нас яригддаг учраас дуудлаганд аль болох хурдан шуурхай очих ёстой. Галд гарч байх хугацаандаа юун өөрийнхөө амь нас, ар гэрийг бодох манатай л байдаг. Галыг яаж унтраах вэ? Гал дунд хүн үлдсэн болов уу?, Яаж эрсдэл багатай унтраах вэ? гэдгээ л бодож ажиллана. Галаа унтраагаад дуусахад баярлаж талархах нэгэн байхад эсрэгээрээ  “ Та нар удаж ирсэнээс болж гэр орон минь шатлаа, сэтгэл чинь ханав уу? гэж хэлэх хүн бий. Тийм үг сонссон хүн чинь сэтгэлээр унана шүү дээ.

Гэр бүл үр хүүхэддээ зарцуулах цаг зав хэр их байдаг вэ?

Бид нэг гараандаа 24 цаг үүрэг гүйцэтгээд бэлтгэл ажилаа хийж байж буудаг. Анги түргэн авахад бэлтгэл ажлыг хийсэн салаа дуудагдан ирж ажилладаг. Гэр бүлдээ зарцуулах цаг зав ер нь ховор шүү дээ. Бид чинь утсаа унтраах эрхгүй. Хотоос 50 км ээс цааш холдож болохгүй. Ямар нэгэн байдлаар түргэн авлаа гэхэд нэг цагийн дотор анги дээрээ цугласан байх ёстой.

  • Анх гал сөнөөгчөөр ажиллах шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь яаж хүлээж авч байсан бэ? Гэрт үлдсэн ээж, эхнэрийнх нь сэтгэл санаа тайван байж чаддаг болов уу?

Би өглөө гарахдаа эхнэр хүүхдээ заавал үнсэж гардаг. Тэр өдөртөө л маш тайван болдог. Анх эхнэр маань байн байн залгаад л санаа нь их л зовнидог байсан. Анхны дуудлагад гарахын өмнөхөн залгаж таарсан л даа. “Хайр нь одоо ингээд дуудлагад гарах гэж байна шүү” гэж хэлээд л гарч байсан. Гаднаа “за яав л гэж дээ” гэж хэлж байсан ч дотроо бага зэрэг айдастай л байсан. Гэлээ ч тангараг өргөсөн хүн учраас бүхнийг умартаад ажил үүргээ гүйцэтгэх ёстой шүү дээ. Галаа унтраачихаад л бид юутай ч зүйрлэшгүй амар амгаланг мэдрэнэ шүү дээ. Бүгдийнх нь хөлс урсчихсан, нүүр ам нь халтартчихсан байсан ч бие биенээ шоолоод л инээлдэнэ.

Өөрийн эрхэлж буй ажлаа гурван үгээр идэрхийлбэл?

Аврана, хамгаална, туслана

 

Эцэст нь хэлэхэд энэхүү зураглал нь тухайн мэргэжлийн тухайн нэг өдрийн л дүр зураг тул та бүхэн яаран дүгнэлт хийхгүй байхыг хүсье. Мөн Нэг өдөр буландаа оролцуулдаг зочид заавал мэргэжлээрээ ажилсан урт туршлага, өндөр ур чадварыг харалгүйгээр зөвхөн мэргэжилдээ хайртай нэгнийг оролцуулдаг болохыг тэмдэглэе.

Дараагийн дугаараараа бас нэгэн гайхалтай мэргэжлийг харуулах болно. Та бүхэн сонирхсон мэргэжил болон асуух зүйл байвал oneminute.mn@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Холбоотой мэдээ

ГАЛ СӨНӨӨГЧИЙН НЭГ ӨДӨР | Бид хүн аварлаа!

Бид чимээгүй баатрууд болох гал сөнөөгчийн нэг өдрийг харуулахаар Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах Х ангийг зорилоо. Өглөө 8 цагт ээлж солигдох үеэр очиход ажилчид бүгд ёслолын хувцастай байв. Учи

Цацрал 2019-03-18