fbpx

Зөвлөгөө

Хятад хэлийг хялбараар сурах арга + МУИС-ийн практик зөвлөгөө

Цацрал Цацрал
2019-04-16 1926 2

Та өнөөдрөөс эхлэн хятад хэлийг сурахаар шийдсэн ч хэрхэн яаж эхлэхээ мэдэхгүй байна уу, эсвэл хятад хэлийг суралцаад нэлээд суурь мэдлэгтэй болсон боловч хятад хүнтэй ярих, харьцахаас нэг л эмээгээд, учраа олохгүй явна уу? Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд тань туслах зорилгоор бид МУИС-ын хятад хэлний тэнхимийн доктор багш Л.Солонготой хамтран “Хятад хэлийг хялбараар сурах арга” цувралыг бэлтгэн хүргэж байна.

Өдгөө дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны нэгд зүй ёсоор тооцогдож буй БНХАУ-ыг 1.4 тэрбум хүн амтай томоохон гүрэн гэдгийг хүн бүр мэднэ. Харин албан ёсны хэл болох Хань үндэстний хэл ( 汉语 hànyǔ буюу 中文 zhōngwén) нь найман том салбарын 80 гаруй нутгийн аялгатай, дөрвөн өөр янзаар хэлэх дуудлага нь нэн төвөгтэй, жаран мянга гаруй утгат үсэг буюу ханз үсэгтэй ч үгийн хэлбэрийн хувиралгүй зэргийг тэр бүр мэдэхгүй.

Хятад хэлийг авиазүй, ханз, үгийн сан, хэлзүй гэсэн дөрвөн мэдлэгийг хэлний үндсэн дөрвөн чадвар болох сонсох (听), ярих (说), унших (读), бичих (写) гэсэн чадвараар сурна.

 

Яг одоо дэлхийн хүн амын 25 хувь нь хятад хэлээр харилцаж байна.

Авиазүй ( 语音 )

  • Алдаагүй, зөв, тод дуудах нь чухал.

Хятад хэлний дөрвөн төрлийн дуудлага байдаг бөгөөд адил сонсогдох нэг үг дөрвөн өөр дуудлагатай байснаар дөрвөн өөр үгийг илэрхийлнэ. Жишээлбэл :

妈(mā)      麻(má)      马(mǎ)     骂(mà)

ээж         маалинга     морь         загнах

八(bā)        拔(bá)        把(bǎ)      爸(bà)

найм        татах        бариул        аав

Мөн авиа зүйг алдаагүй, зөв сурах үед сонсох чадвар илүү хөгжинө. Байнга давтан уншсанаар унших чадвар мөн хөгждөг.

Танд байгаа хэрэгсэл: телевизийн хөтөлбөр, дуу хөгжим, радио нэвтрүүлэг гэх мэт.

Ханз (汉字)

 Хялбар, нэг хэсгээс бүрдсэн, олон зурлагагүй, бодит утга илтгэх ханз үсгээс эхлэн хоёр болон түүнээс дээш хэсгээс бүрдсэн, хийсвэр утга илэрхийлэх ханзыг сурах гэсэн дарааллаар, зүүнээс баруун, дээрээс доош гэсэн чиглэлийн дагуу уйгагүй бичиж нүдлэх хэрэгтэй. Жишээлбэл :

火  Гал            山  уул            日 нар, өдөр            木  мод

Шинэ ханз сурахад :

Өмнө нь сурсан байгаа ханзны бүтэц, дуудлага, түлхүүр үсэг, зурлаган дээр суурилж, сэтгэн бодох байдлаар сурах нь хамгийн үр өгөөжтэй арга юм. Жишээлбэл, та “青”(qīng)  буюу “хөх ногоон өнгө, идэр залуу үе” гэсэн ханзыг сурсан байгаа бол энэ ханзныхаа зүүн талд нь утгыг илэрхийлэх хэсгийг нэмснээр шинэ ханз үүснэ.

氵дусал, ус                清(qīng) тунгалаг, хиргүй

㣺сэтгэл, зүрх           情(qíng) санаа, зориг

日 нар, өдөр               晴(qíng) цэлмэг, үүлгүй

讠хэл, яриа               请(qǐng) хүсэх, урих

Өдөр бүр, тасралтгүйгээр ханз тогтоосноор унших, бичих чадвартай болохоос гадна хүний сэтгэн бодох, тунгаах, нүдлэн тогтоох зэрэг чадварууд хөгждөг.

Танд байгаа хэрэгсэл: Youtube хичээлүүд, ном, сурах бичиг гэх мэт.

Үгийн сан (词汇) 

Шинэ үгийг дангаар биш холбоо үгээр нь, хамт хэрэглэгддэг үгтэй нь, өгүүлбэрээр нь, утгыг ойлгож, хэрэглээнд оруулан, үгийн сангаа нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Жишээ нь :  学 “сурах, судлах”  хэмээх утгатай ханзнаас 大学 их сургууль, 中学 дунд сургууль,  小学 бага сургууль, 学分 кредит буюу багц цаг гэсэн нэр үг үүсэхээс гадна,  学习 суралцах гэсэн үйл үг, 好学 сурлагатай, хичээмтгий гэсэн тэмдэг нэр үүсч байна. Мөн өөрт хэрэгтэй, өөрийн сонирхдог, өөрийн хүрээллийн бүхий л зүйлийг ашиглан, үүнийгээ сурч буй хэлтэйгээ холбон үгийн санг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал: “хоол хийх” хоббитой бол тухайн сэдэвтэй холбоотой үгсээр өөртөө толь бичиг үүсгэж болно. 吃饭  Хоол идэх, 做饭  хоол хийх гэдгийг мэднэ. Харин хоол хийх эхний үе шат хүнсээ цуглуулах- 买菜, төмс ногоо арилгах, хальслах – 削皮,削土豆皮. Хэрчих, жижиглэх  切,切片儿,切成块儿;Чанах 煮;Шарах  炒,烤;Хутгах, зуурах 搅拌;Гурил нухах 揉面 гэх мэт үгсийг сураад өнөөдөр шууд ашиглаж, өдөр тутамдаа хэрэглэн, мөн бусадтай сурсан мэдсэнээ хуваалцаж болно. Ингэснээр унших, бичих чадвар сайн хөгжинө.

Танд байгаа хэрэгсэл: Youtube хичээлүүд, ном, толь бичиг гэх мэт.

Хэлзүй (语法)

Хөнгөнөөс хүнд рүү сонсоөж, уншаад өнгөрөх биш түүндээ өгүүлбэрээр хариулах, шинэ үг хэллэгээ нэр үг, үйл үг, төлөөний нэр гэж үгийн аймгаар хувааж сурвал тэр үг хэрэглээнд ороход бэлэн болно гэсэн үг. Тэгвэл нэг жишээ харъя. Сая бид сурах, суралцах гэдгийг 学习  гэж хэлдгийг сайн мэддэг болсон. Үүнийгээ:

  • 学习汉语。/юуг сурч байна?/
  • 在中国学习汉语。/хаана сурч байна?/
  • 我朋友在中国学习汉语。/хэн сурч байна?/
  • 去年我朋友在中国学习汉语。/хэзээ сурч байна?/
  • 去年我朋友在中国学习三个月汉语。/хэдий хугацаанд сурч байна?/ гэхчлэн хэлээд яг үүнтэй адил дүрэм, болон өгүүлбэрийн бүтцээр дараа дараагийн арай төвөгтэй, нийлмэл өгүүлбэрүүдийг хэлж сурснаар бичих, уншиж ойлгох, бүтэн өгүүлбэрээр ярих, хоёр хэлнээ орчуулах зэрэг чадвартай болно.

Танд байгаа хэрэгсэл: Ном, толь бичиг, кино гэх мэт.

Хятад хэл сурахад БАЙХ ЁСГҮЙ шинж гэж бас бий.

* Ичих, зүрхшээх, нэрэлхэх

Гадаад хэл сурч буй хэн бүхэнд тохиолддог нийтлэг айдас бөгөөд ангийнхан, найз нөхөд, багш нараасаа ичих, нэрэлхэх нь цөөнгүй гардаг. Мөн өмнө нь хятад хэл сурч байсан хүүхдүүдтэй харилцахад ичээд ярьж чаддаггүй. Харин энэ нь хэл сурч буй хүн бүхэнд тохиолддог учир алдсан ч инээгээд өнгөрөх зүйл юм шүү.

* Эмх замбараагүй байдал

Дуу сонсвол, кино үзвэл сайн байдаг гэсэн гээд эхлүүлтэл, таниж мэдэхгүй баахан үг хэллэг гарахаар тэгсхийгээд орхих, эсвэл ханзыг бичээд л байвал сайжирдаг гээд өдөр шөнөгүй автоматаар бичих зэрэг нь яах учраа олохгүй, замбараагүй байхад хүргэдэг.

* Хэт эрчимжих

Энэ бол хятад хэлний багш нарын байнга шахуу таардаг асуудал. Хүмүүс ихэнхдээ хятад хэлээр ойр зуур, түргэхэн л яриад сурчихмаар байна, яах уу, туслаач гэж эрэл сурал болдог. Гэтэл хэт түргэвчилсэн байдлаас бичиж чадалгүй үлдсэн ханз, ойлгоогүй үлдсэн дүрэм, үг, өгүүлбэр зэргийг орхиж, улмаар хэрэглэж чадахгүй, хоцрох, сурахаа болих, орхих ч асуудал гардаг.

* Хойш суух

Жишээлбэл, “за өнөөдөр 20 шинэ үг үзлээ, үүнээс 10 нь л шинэ ханз байна, тэгж байгаад маргаашнаас хийнэ дээ” гэсээр нэг мэдэхэд 10 нь 20 болж, 20 нь 200 болох нь бий.

* Оюун санааны бэрхшээл

“Хятад хэл хэцүү шүү, маш олон тооны ханзтай, бичиж тогтоох арга байхгүй, дуудлага нь төвөгтэй, би ч сурах хүн биш байна аа” гэж өөртөө “хана” босгодог. Энэ ханыг та өөрөө л нурааж чадах ба нурааж чадсан хүмүүс олон байдаг.

* Нэг л арганд баригдах

Багш хэлэхдээ “уншаад л байгаарай” гэсэн гээд зөвхөн унших нь өрөөсгөл. Хүн бүрт таарах ганц “шилдэг” арга гэж байхгүй, тиймд кинонд дуртай бол түүнийгээ үз, дуунд дуртай бол дуугаа сур, аялмаар байвал зориг гарган аялаад үзээрэй гэж зөвлөх байна.

Нийтлэлийг бичсэн: Б.Мөнхбайгаль

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07