fbpx

Онцлох

Andromeda: “Охидын хамтлаг гэхээр заавал “гял цал” байх албагүй”

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-04 8876 0

Энэ сарын 5-7 ны хооронд бидний хүсэн хүлээдэг Playtime 2019 наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Тус наадмыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүст зориулаад бидний зүгээс Playtime наадамд тоглох Монголын цор ганц эмэгтэйчүүдийн хамтлаг Andromeda хамтлагийхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Вокал, ритм гитарчин – П.Баярбаясгалан, Соло гитарчин – Г.Анударь, Басс гитарчин – Б.Байгаль, Бөмбөрчин – Б.Мөнхзаяа, Вокал, кийс – Н.Урин гэх таван эмэгтэйчүүдээс бүрдэх уг хамтлаг нь Playtime наадамд гурав дахь удаагаа оролцож буй туршлагатай хамтлаг юм.

– Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баяртай байна. Уншигчиддаа хамтлагийнхаа талаар товч танилцуулаач. 

Баясаа: Та бүгдэд ч гэсэн энэ өдрийн мэнд. Манай хамтлаг нь 2016 оны 12 сард байгуулагдсан байгаа. Дан охидын хамтлаг гэдгээрээ бусдаасаа арай илүү онцгой. Oдоогоор Playtime-д гурав дахь жилдээ оролцох гээд бэлтгэлээ хийж байна. Энэ жил манай хамтлагт шинэ key (төгөлдөр хуур), вокалист Урин гээд гишүүнээ нэмж авсан. Ер нь дан охидын бүрэлдэхүүнээ хадгалаад л явж байна даа.

-Тэгэлгүй яахав. Монголд охидын хамтлаг цөөхөн байдаг. Хамтлаг анх байгуулагдаж байсан талаар. Анхнаасаа нэгнээ таньдаг байсан уу? Эсвэл нэгнээ олж байв уу?

Баясаа: Хамтлаг бол… Манай шинэ гишүүн Урин гаас бусад нь 10 жилийн найзууд. Яг 12 сард шинэ жилийн “халтуур” их болдог үеэр Соль гитарчинаа гэрт нь очиж машиндаа ачиж аваад л байгуулж байсан даа. Бусад нь бол 10 жилдээ дөрвүүлээ хамт Led Zeppelin, Queen гэх зэрэг хамтлагийн сонсдог адилхан хөгжмийн сонирхолтой хүүхдүүд байсан л даа. Тэгээд  урлагын үзлэгээр хамт тоглоод үзье гэж бодоод нэгдэж байсан. Тэр үедээ ингээд Playtime-ын тайзан дээр тоглоно гэж огт бодоогүй л явж дээ. 😄

– Хамтлагийнхаа нэрийн талаар яриач. Andromeda гэж ямар утгатай үг вэ? Яагаад сонгосон бэ?

Баясаа: За Andromeda бол хоёр утгатай нэр. Эхнийх нь бол бидний Solar system Milkyway-д хамгийн ойр бидэнд харагддаг Галактик. Хамгийн хачирхалтай нь цэлмэг тэнгэртэй байх үед манай дэлхийгээс 2.5 сая километрийн цаана байдаг ч бидэнд харагддаг. Хоёрдугаарт нь Грек хэлээр Andromeda нь “Hunter of man”  гэсэн утгатай. Ерөнхийдөө дэлхий 2.5 сая жилийн цаана байгаа ч гэсэн хүмүүст дэлхийн хаанаас ч харагдаж байгаа болохоор хөгжмөөрөө хүмүүсийг нэгтгэх дээрээс нь эмэгтэйлэг гэсэн утгаараа өгсөн.

– Бүгд багаасаа амьд хөгжимд дуртай байсан уу?

Баясаа: Ерөнхийдөө бүгд л хөгжмийн хүүхдүүд байсан. Манай басс гитарчин л гэхэд багадаа хийл тоглодог байсан. Бүгдээрээ багаасаа амьд хөгжим гээд сонирхоод явдаггүй байсан ч гэсэн гэр бүлийн талаас аягүй нөлөөлдөг байсан л даа. Жишээлбэл манай ээж гэхэд л Queen, Fink Ployd-н дуунуудыг их сонсдог хүн, анх намайг энэ хамтлагуудтай танилцуулж байлаа. Бүгд л багадаа хөгжимд хайртай байсан.

– Танай хамтлаг голцуу ямар урсгалаар хөгжмөө тоглдог вэ?

Баясаа: Бид бүгдээрээ мэргэжлийн хөгжимчин биш. Ямар нэгэн байдлаар өөрсдийгөө илэрхийлэх гэж л хөгжим их хөөдөг байсан. Тэр талаараа бид нар нэг урсгалд баригддаггүй. Яахав ихэнхдээ “soft” урсгалаар л тоглодог. Metall орохгүй.

– Дуу бүтдэг процесс. Хэн нь үгийн бичиж, хэн нь аяндээрээ голлож ажилладаг вэ? Нэг бол бүгдээрэй нийлж байгаад хийдэг үү?

Баясаа: Бүгдээрэй нийлээд суухаар санаа их гардаг. Тэрхэн үед мэдрэгдэж байгаа мэдрэмжээрээ тулгуурлаад би үгээ бичдэг. Ер нь л хамтдаа дуугаа хийдэг.

– Жишээлбэл танай хамтлагийн гаргасан “Сүүлт од” дуу хэрхэн бүтсэн бэ?

Баясаа: Ааа яг өвөл байсан тэ. Хаврын униар татсан тэр л юу муу гээд л 😅 яг хавар болох гэж байсын. Тэгээд бүгд ярилцаж байгаад аягүй гоё шүлэг шиг дуу хийе гэж бодож байгаад л хийсэн дээ. Анхны удаа байсан болохоор бидэнд зөвлөдөг багш маань туслаж өгсөн. Тэрхэн үедээ анхны удаагаа байсан болохоор юу ч мэддэггүй байсан. Бүгдээрээ тэр дуугаа цааш тоглосоор байгаад гарт ороод, аяыг нь хүртэл хамт сууж байгаад л бичиж байсан.

– Тэгэхээр танай анхны дуу гэсэн үг үү?

Баясаа: Тийм анхны дуу тэ. Биш бил үү? 🤔

Байгаль: Анхны дуу чинь Зэргэлдээ шдээ.

Баясаа: Аан анхны дуу нь зэргэлдээ юм байна. 😂 Мэддэггүй юм байна шдээ. Сүүлт од болохоор манай хамтлагийнхан бүгд сууж байгаад бичсэн дуу болохоор гол дуу гэх юмуу даа.

– Одоогоор нийт хэдэн дуутай байна даа.

Баясаа: Одоогоор 7,8 юмуудаа.

– Цомог гаргах төлөвлөгөө байгаа юу?

Баясаа:  За тэр талаар бодож байгаа юм юу ч алга. Хүмүүст өөрсдийгөө илэрхийлж чаддаг болоод л зах зээлд гарна гэж боддог. Юу юугүй цомог гэмээргүй байна.

 – Анхны Playtime-ын тайз ямар байсан бэ? Сандарч байв уу? 

Баясаа: Аймаар сандарч байсан. Тэр үед шалгаруулалтад орж байхад өөр сайн хамтлагууд зөндөө байсан. Тэгээд эмэгтэй хүмүүсийн орон зай байхгүй ертөцөд гэх юм уу даа, гэнэн жаахнаар юу ч бодоогүй л орсон. Тэгсэн ч гэсэн тайзан дээр гарахад хүмүүс аягүй сайхнаар хүлээж авсан, олон ч гадаадын үзэгчдээс “Та нар ёстой гоё байсан шүү”гэсэн сэтгэгдэл ирсэн . Өдөр шөнөгүй бэлдэж байгаад л орсон доо.

– Ер нь бусад хөгжмийн урсгалууд дотор эмэгтэй хүн байх нь хэвийн л үзэгдэл. Харин амьд хөгжмийн урсгал дээр эмэгтэйчүүд гэхээр дутуу үнэлэгдэх, гадуурхагдах зүйл гарч байсан уу? Үүн дээр яаж ханддаг вэ?

Баясаа: Заримдаа “халтуур” ч гэх юм уу ямар нэг үйл ажиллагаанд ороход эмэгтэй болохоор бидэнд арай өөрөөр хандаад байдаг талтай. Жишээлбэл “гоё хувцас өмсөхгүй яасан юм, нүүрээ “гял цал будахгүй яасын, сүүлт од шиг хөөрхөн дуу тоглодоггүй юм уу” гэх зэргээр шүүмжилдэг. Гэхдээ бид нар үүнд эмзэглэж байгаагүй л дээ. Гэхдээ ер нь Монголд ч гэсэн тийм эмэгтэй амьд хөгжмөөр каррераа хөөгөөд, өөрийгөө илэрхийлээд, өөртөө үнэнч явж байгаа артистууд цөөхөн байдаг болохоор бид нар өөрсдийнхөө хязгаарт тултал нь өөрсдийгөө илэрхийлнэ л гэж боддог.

– Бүгдээрээ нийлээд хөгжмөө тоглоод сууж байхад ямар мэдрэмж авдаг вэ? 

Баясаа: Аягүй гоё шдээ.  Стресстэй өдрийн дараа эд нартайгаа уулзаад өөрсдийнхөө сэтгэлээс гарсан зүйлээ тоглож, дуулж байгаа болохоор тэрэн шиг сайхан мэдрэмж хаана ч байхгүй. 😌

– Анхны тайз хаана байсан бэ?

Баясаа: Урлагийн үзлэгийн тайз л юмуудаа. Анхных ч байсан болохоор бүгд л зөндөө алдсан. Гэхдээ эмэгтэй гэдэг утгаар нь хүмүүс их гоё хүлээж авч байсан.

– Хамтлагийн бүх гишүүд ямар хөгжим тоглох сэдлээ хаанаас авсан байдаг вэ?

Мөнхзаяа: Манай хоёр эгч бас амьд хөгжим сонсдог. Тэгээд найзуудынх нь хамтлаг дээр хамт очиж үзсэн. Тэр үед бүх хөгжимд нь хүрч үзээд надад хамгийн дөхөм байсан нь бөмбөр байсан. Тухай үед хүүхэд байсан болохоор жоохон нүдэж байгаад л “за хэзээ нэг өдөр сурна даа” гэж бодоод л орхиж байсан. Тэгээд л одоо болох ёстой юм болдгоороо болоод л явж байх шиг байна даа.

Урин: Би 5 настайгаасаа хойш төгөлдөр хуурийн дугуйланд явж байсан. Тэгээд дунд нь арван нэгэн настайдаа хаяад өөрөө бие дааж хүссэн аяаа сураад, түүн дээрээ дуу зохиогоод л явдаг байсан.

Байгаль: Миний хувьд анх амьд хөгжмийн бүрэлдэхүүн гэж мэддэг болоход басс гитар гэдэг зүйлийг мэддэггүй байсан юм байна лээ. Тоглоно ч гэж боддог байгаагүй. Яахав “гитар сурвал сурна даа” л гэж бодож байсан. Ер нь тоглоод ирэхэд ард талд нь суурь болж явдаг хөгжим болохоор надтай илүү ойр санагддаг.

Анударь: Өөрөө сонгосон юм байхгүй. Хүчээр л … ☺️

Баясаа: Соль гитарчинаа бид хэд аймар хүчилсэн байхгүй юу. Шууд гэрээс  нь очиж аваад л “за тогло” гээд суулгасан.

Анударь: Хүчээр орсон ч гэсэн өөрөө аймар дуртай болж эхлэсэн. Ямар нэг хэмжээнд баригдахгүй, өөрийнхөөрөө тоглох боломжтой  болохоор надад илүү таалагддаг.

– Ерөнхийдөө танай хамтлаг нэгдэхэд нөлөөлж байсан хүн бий юу?

Баясаа: Урлагийн үзлэгээр багшийнхаа шахалтаар л 😂. Тэгээд бид нар цаашаа яваад Playtime-д оролцоод үзье гээд шийдвэр гаргаж байсан

Мөнхзаяа: Шууд юу ч бодохгүй, бараг бэлэн биш байж л Playtime-н бүртгэлд очоод бүртгүүлсэн.

– Хүмүүс та нарыг хэрхэн хүлээн авч байх шиг байна.

Урин: Одоо мэдэхгүйшдээ.

Баясаа: Хүмүүс гээд олон тоон дээр ярих нь ч хаашаа юм. Яг үнэнийг хэлэхэд бусад хамтлагууд шиг клип гаргаад л, дандаа дуу гаргаад л, байхыг хүсдэггүй. Манай фэйсбүүкрүү ороод үзсэн ч сүртэй пост байхгүй байгаа. Зүгээр л хүмүүст танигдах нь гол биш бидий дууг сонсоод, жишээлбэл саяхан бороо ороход миний фэйсбүүкийн найз манай дууг постлоод “энэ дуу өнөөдрийн feeling-тэй яг тохирч байна” гэсэн нь бидэнд маш том шагнал болсон. Гэхдээ хүмүүст танигдаад “гоё байна даа” гэж хэлүүлэх нь гол биш зүгээр бидэнтэй адилхан мэдэрч байгаа хүн бидий дууг сонсоод “enjoy” хийж байвал л бид нар болоо.

– Мэдээж өөрсдийн сонирхлоороо хөгжмөө тоглоод явхад хөрөнгө мөнгөний асуудал хамтлагуудад хамгийн их тулгардаг.

Баясаа: Тийм шүү. Аягүй их байдаг. Нэг гитар л гэхэд дор хаяж 200-300 мянга байх жишээний. Бөмбөр гэвэл маш үнэтэй. Тийм болохоор бүтэн жилжингээ цуглуулаад ч хамаагүй босгодог. Бас түрүүн хэлсэнчлэн гоё хувцас өмсөхийг зорьдог болохоороо хамтлагийн “фонт” гэж цуглуулдаг. Ер нь энэ тал дээр хариуцлагатай ханддаг даа.

– Хүмүүс охидын хамтлаг “гял цал” байх ёстой, хөөрхөн байх ёстой гэсэн үзэл бодолтой байгаад байдаг. Бараг л плаж өмсгөөд тоглуулах нь холгүй байдаг шүү дээ.

Баясаа: Тийм тиймрхүү юм их болсоон 😑. Тэр аягүй муухай.

– Монголын нөхцөлд эмэгтэйчүүдийн хамтлаг байх ямар байна даа. 

Баясаа: Нэг талаараа бол манай хамтлаг дан эмэгтэйчүүдийнх болохоор их онцгой харагддаг. Бас нөгөө талаараа зарим хэсэг нь их шүүмжлэлтэй ханддаг. Жишээлбэл “Өө нэг аятайхан юм тоглочихгүй, аятайхан хувцас өмсчихгүй, клипээ аятайхан хийчихгүй” гэдэг. Гэхдээ бид нар тэрэнд тийм анхаарлаа хандуулаад байдаггүй дээ. Ерөнхийдөө сонсдог хүмүүс нь сонсоод л явж байвал бидний шагнал л гэж боддог.

– Хүмүүс нэгнийгээ сонсдог дуу хөгжмөөр нь ялгаварлах тохиолдол байдаг. Энэ талаар.

 Баясаа: Бид нарыг нэгтгэдэг зүйл бол хөгжим шүү дээ. Хүн болгоныг ямар нэг зүйлээр шүүх бол буруу. Тийм болохоор шүүгээд байх нь ч хаашаа юм. Хүн болгон л ганцаарддаг байлгүй дээ.

– Хамтлаг болгонд нэг сэдэл, motivation авдаг дуу байдаг. Танай хамтлагийханд ямар дуу урам зориг өгдөг вэ?

Баясаа: Хамтлаг бүтэхэд суурь тавьсан дуу бол “Guns and Roses – Sweet child o mine” гээд дуу. 🥰 Тэр бол бидий хамгийн удаан коверлсон дуу. Одоо болтол хаанаас нь ч тоглосон бид нар орж чадна. Тэр дуу л манай хамтлагийг нэгтгэсэн.

– Дотоодоос хамгийн дуртай хамтлаг?

Баясаа: Заа Lemons байна, Nisvanis байна, Niciton байна, The Shom хамтлаг байна. Манай shom хамтлаг их бүтээлч. Бид бэлтгэлийн байр хамт түрээслдэг л дээ. Бас дээр үеийн Соёл эрдэнэ, Баян Монгол гэх зэрэг хамтлагуудыг биширдэг.

– Хөгжим гэж та нарын бодлоор?

Баясаа: Хөгжим бол урлаг. Нэг нот ч байсан бүтэн симфони, оркестр байсан ч хамаагүй. Хамгийн гол нь хүн дуртай хөгжмөө олсон үедээ өөрийгөө олдог. Дуртай хөгжмөө ухаад сонсож байна гэдэг чинь өөрийгөө таниж мэдэж байна л гэсэн үг.

– Бидний урилгыг хүлээн авч ярилцсан та бүгдэд баярлалаа. Амжилт хүсье. 

Баясаа: Баярлалаа. Та бүгдэд ч гэсэн амжилт хүсэж байна. Playtime дээр уулзацгаая. 🤗

Холбоотой мэдээ

2020 оны Магистр, Докторын JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь /Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр/ нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япо

Цацрал 2020-09-11

Дотоодын тэтгэлэг: Дэйл Карнеги тэтгэлэг 2021

2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр Зорилго: Дэйл Карнеги Трэйнинг Монголоос зохион байгуулж буй оюутны тэтгэ

Цацрал 2020-09-11

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ой

Цацрал 2020-05-28