fbpx

Дотоодын тэтгэлэг

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

oneminute oneminute
2019-10-28 2380 0

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байна.  

Тус тэтгэлэгийг мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан шилдэг суралцагчид гардуулдаг. Тэтгэлэгийн эздийг жил бүрийн 5, 12 саруудад тодруулдаг уламжлалтай. 

Танд хэрэг болох нийтлэл: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн талаар мэдвэл зохих зүйлс

Иймд бид энэ удаад тэтгэлэг авах хүсэлтэй залууст бодит туршлага, зөвлөмж сонирхуулах үүднээс “Ерөнхийлөгчийн Нэрэмжит Тэтгэлэг 2018”-г хүртсэн МУИС-ийн Философийн ангийн IV дамжааны оюутан Б.Пүрэвнамжилтай уулзан ярилцлаа. 

ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛ ТҮЛХҮҮР 

 

Би бүрэн дунд сургуулийн сурагч байхаасаа л элдэв клубт явдаг, нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Клуб, сургалтанд явснаар өөрийн үе тэнгийн хүүхдүүдээс олон зүйл сурах боломж гардаг. Энэ үед л тэтгэлэг авах хэрэгтэй, үүнийг авахын тулд онц дүнтэй байх, сайн дурын ажил хийх ёстой зэргийг олж мэдсэн юм. 

 

Бид олон зүйлийг зэрэг хийвэл, хангалттай үр дүн гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс би их сургуулийн жилүүдээ хуваан төлөвлөсөн. 

 

Нэгдүгээр курс: Дөнгөж бүрэн дунд сургуулиа төгсөөд их сургуульд орсон шинэхэн оюутнууд энэ жилд сургалтын нөхцөл, орчин зэрэгтэй танилцах шаардлага гардаг. Иймд би энэ курстээ зөвхөн дүндээ анхаарахаар шийдсэн байсан. 

 

Хоёрдугаар курс: Сургуультайгаа танилцчихсан, хичээлийн хажуугаар чөлөөт цаг гаргаж сурсан байсан болохоор энэ хичээлийн жилд сайн дурын ажилд цаг гаргахаар төлөвлөсөн юм. Тун амжилттай болсон шүү, тэр жил би 17 сайн дурын ажилд оролцсон. 

 

Гуравдугаар курс: Төгсөх жилээ диплом бичих ёстой, түүнчлэн би төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй тул өөртөө практик туршлага хуримтлуулах зорилгоор энэ курсийг дан эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээнд зориулсан. 

 

ЭССЭ БИЧИХДЭЭ ЗААВАЛ БАРИМТААР НОТОЛ

 

Би Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт зориулан эссэ бичихдээ утга санааны хувьд өөрийн намтар, CV-тэй холбон бичиж байсан. Тухайлбал, би залуучуудад сайн сайхныг уриалж, нийгэмд ийм тийм зүйл, хандлагыг нэмээсэй гэж хүсдэг болохоор тус сайн дурын ажилд оролцсон. Мөн уг тэтгэлэгт уламжлалт ёс заншил, угийн бичих хөтлөх болон бусад үйл хэргийг амьдралдаа хэвшүүлэн дадал болгох гэсэн нэгэн шаардлага байдаг. Энэхүү шаардлагыг хангахад надад ямар асуудал тулгарсан, үүнийг хэрхэн шийдвэл зохилтой вэ гэх санаа зэргийг эссэндээ тусгаж байсан. 

 

Миний үеийн оюутан, сурагчдын эссэнд эшлэл зүүлт байдаггүй сул тал анзаарагддаг. Бид өөрийн бодол санааг баримтаар батлах хэрэгтэй. Ингэснээр тухайн эссэ итгэл үнэмшил төрүүлж чадна шүү дээ. 

 

САЙН ДУРЫН АЖЛААС МАШ ОЛОН ЗҮЙЛ СУРАХ БОЛНО 

 

Аливаа албан байгууллагад өөрийн хөдөлмөрийг хандивлахыг одоогийн залуус яаж харж, хэрхэн дүгнэдэг вэ гэдгийг би сайн мэдэхгүй л дээ. Би лав анх сайн дурын ажил хийхдээ тухайн үйл ажиллагаанаас маш их урам авч байсан. 

 

Миний бодлоор, сайн дурын ажил хийснээр хүмүүстэй харилцаж, танилын хүрээгээ өргөжүүлж, олон зүйлийг сурч мэдэж, хүмүүсийг зохион байгуулж, аливааг олон өнцгөөс харж сурахад туслах гэх зэрэг давуу талтай мэт санагдсан. 

 

ДҮН ЧУХАЛ

 

Мэдээж, цагаан дээр хараар бичсэн тоо чамайг хэзээ ч бүрэн илэрхийлэхгүй. Гэхдээ энэ тоонууд чамайг аливаад хэрхэн ханддаг гэдгийг харуулж чадна гэж би боддог. 

 

Залуучууд үргэлж дүн чухал уу, чадвар чухал уу гэж мэтгэлцдэг. Дадлага, туршлага, ур чадвар үнэхээр чухал зүйлсийн нэг. Гэхдээ дээр дурьдсанчлан, чиний хандлагыг энэ тоо харуулах болно. Аливаа зүйлийн үнэ цэнийг үнэлж, дүгнэж мэддэггүй хүн сайн мэргэжилтэн болдог гэдэгт эргэлзэж байна. 

 

ЦАГ ГАРГА

 

Хэрэв чи тэтгэлэг авахаар төлөвлөж байвал “За энэ улирал яг хичээе” гэдэг бодол хангалттай биш. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийг авахад хичээлийн жилийн дөрвөн улирал дараалан 3,6-с доошгүй голч дүнтэй байх ёстой гэдэг шаардлага байдаг. Иймд тэтгэлэг авахаар төлөвлөж байгаа бол дор хаяж хоёр жил сайн хичээх хэрэгтэй. 

ТЭТГЭЛЭГ АВНА ГЭДЭГ..

 

Аливаа тэтгэлэгийг авна гэдэг надад үргэлж “том хүн” болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

 

“Би өөрийгөө Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийг авч чадна гэж төсөөлөөгүй байсан. Зүгээр л үзээд алдая гэж бодож байлаа. Би бүр өмнөх өдөр нь хичээл ихтэй байсан болохоор утасны цэнэг дуусаад унтарсныг мэдэлгүй нам унтчихсан байсан. Маргааш нь сэрээд утсаа асаатал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэг ах залгасан юм. Тэгээд намайг батламжаа авахаар очиход тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа нь аль эрт дуусчихсан байж билээ.” 

 

Мэдээж тэтгэлэг авснаар ар гэрийнхээ эдийн засагт багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж би боддог. 

 

Бид их сургуулиа төгсөөд хүссэн хүсээгүй бие дааж, аливаад хариуцлага хүлээх ёстой том хүн болцгооно. Үүнд бэлдэх хугацаа бол их/дээд сургуулийн оюутан байх үе. Залуус энэ хугацаанд өөр өөрийнхөөрөө хандацгаадаг л даа. Эцэг эхээс дэмжлэг авах боломжтой үедээ дан сурахдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй эсвэл цагийн ажил хийж туршлага хуримтлуулж, мөнгө олж сурсан нь дээр гэх мэт.  

 

Ангийн найзууд, үеийнхнээ анзаараад байхад цагийн ажил хийхээр сурч боловсрох цаг их танагдаад буй мэт санагдаж байсан. Иймд би өөрийгөө хөгжүүлэх, сурах, таниж мэдэж болох энэ хугацаандаа зөвхөн үүнд анхаарлаа хандуулж, бүх чадлаараа хичээгээд, үүнийхээ хажуугаар гэрийхэндээ тус дэм болох арга нь ТЭТГЭЛЭГ  юм байна гэж бодсон хэрэг. 

 

Нийтлэлийг бичсэн: Э.Сударчулуун 

Холбоотой мэдээ

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зарлагдлаа

Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын шалгалтын тов гарлаа.

Цацрал 2020-01-20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байн

oneminute 2019-10-28

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих болом

Цацрал 2019-09-10